2007-12-14
Бурхан садист
Бурхан садист, эсвэл садист байж болзошгүй. Яагаад? Тэр үй олон хүмүүсийн зовлонг мэддэг. Амьдрах гэж тэд нулимсан далай, цусан намаг үүсгэж, яс махандаа тултал зүтгэсэнийг тэр зүгээр хараад л сууж байсан. Тэглээ гээд хуруугаа ч хөдөлгөөгүй. Ер нь бурхан хэнийг юунаас аварсан юм бэ?

Бурхан хайр гэж юу болохыг мэдэхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Хэзээ, хаана, юу болохыг урьдчилан мэддэг хэрнээ тэр их зовлон, тэр их уй гашуу, тэр их баяр жаргалыг хэдэн сая жилээр зүгээр л хараад сууж байсан. Хэдэн үеэрээ түүнээс эмээж, хэдэн үеэрээ түүнд мөргөж, нүгэл үйлдэж, нүглээ цайруулж ирсэн. Төрөл садан минь түүнийг хэдэн мянган жилээр шүтэв. Тахив. Өвдгөө шалбарч, үсээ цайтал мөргөв. Өргөл барьцаар аргадаж, зовлонгоо ярив. Жаргалаа уудлав. Алинд нь ч тэр огт дуугарсангүй. Аргаа барсан хүмүүс өөрийгөө " Бурханы элч" хэмээн гүжирдэж эд, идээ, эхнэр хүүхдээсээ ч татгалзав.

Гэвч бурхан хөөрхий тэр үнэнч боолууддаа мөн л нүүр өгсөнгүй. Магадгүй бурхан багадаа инээдэггүй, уйлдаггүй, огт дуугардаггүй хүүхэд байсан биз. Одоо ч тэр нь хэвээрээ. Аав нь, ээж нь, гэр бүл нь, бурхадын бурхад ч бас л тийм л байж. Инээдэггүй, уйлдаггүй, юм ярьдаггүй, бас юу ч боддоггүй. Зүгээр л хүмүүсийн зовлонг хараад сууж байдаг. Тэгэхээр бурхан маргаангүй садист. Хэдийгээр тэр ийм муухай зуршилтай байж болох авч түүнийг хүндэтгэж явдгийн хувьд, Бурханых нь хувьд, би өөрөө эх хүнийхээ хувьд бас юмыг яаж мэдэхэв гэж бодоод үр хүүхдийнхээ сайн сайхныг даатгаж, өнгөрсөн шөнө түүнд зөндөө л юм ярилаа. Залбирлаа. Ойлгосон уу, яасан бүү мэд.

Х.Болор-Эрдэнэ
Бичсэн: orbinzoon | цаг: 16:58 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax